Түлхүүр 1
Англи хэлний ерөнхий мэдлэгээ дээшлүүлэх
- TOEFL-ийн тестийг хийх аргачлал техникийг сайн мэдэх явдал юм.
- Харьцангуй урт хугацааны туршид олж авах англи хэлний ерөнхий мэдлэгийг
дээшлүүлэх явдал юм.
Англи
хэлний ерөнхий мэдлэгээ дээшлүүлэх сайн арга зам бол англи хэлийг аль
болохоор ихээр хэрэглэх явдал билээ. Жишээлбэл англи хэлний хичээл хийх,
аль болох их ярих, унших, сонсох, бичих боломжийг ашиглах хэрэгтэй.
Англи
хэлний сонсох чадвараа дээшлүүлэхийн тулд англи хэлний хичээлд явж,
кино үзэж, радио, телевизийн мэдээллийн хөтөлбөрүүдийг сайн сонсох
хэрэгтэй. Англиар ном, сэтгүүл, сонин унших нь TOFEL-ийн тестийг сайн
хийхэд тусална.
Бас
нэг чухал хэсэг бол үгийн баялгаа системтэй нэмэгдүүлэх явдал юм.
TOFEL-ийн тестэнд үгийн нөөц, баялгийг бүх л тестийн туршид шалгаж
байдаг. Та цээжилж мэдэх үгсийн жагсаалттай байх хэрэгтэй. Тэгээд
мэдэхгүй үг тааралдвал толь бичгээс харж бичиж үгийн жагсаалтандаа
оруулах нь тустай. Үгийн жагсаалтаа автобус унаанд явах, хоол идэх,
хичээлийн завсарлага гэх мэт чөлөөтэй байгаа бүх л үедээ өөртөө авч явж
мэдэж авах нь чухал юм.
Түлхүүр 2
Шалгалтанд бэлтгэх цагаа зөв хуваарилж төлөвлөв
TOFEL-ийн
тестэнд бэлтгэх нь ямар нэг уралдаант тэмцээн шалгаруулалтанд бэлтгэж
байгаатай адил юм. Мэдээжийн хэрэг TOFEL-ийн тестэнд аль болох эрт
бэлтгэж эхлэх нь сайн боловч чухам хэзээ эхлэх нь тийм чухал биш бэлтгэх
цагаа яаж хуваарилах нь чухал юм.
Цагаа
зөв хуваарилж төлөвлөгөө гаргана. Долоо хоногийн туршид хийх зүйлийнхээ
жагсаалтыг гаргаж цагаа хуваарилна. Дараа нь ажил, сургууль бусад
нийгмийн ажилтай байх цагуудаа төлөвлөж, үлдсэн цагийг TOFEL-ийн
бэлтгэлд зориулна гэж харандаагаар тэмдэглэнэ. Ингэж төлөвлөгөө
гаргахдаа зөвхөн амралтын өдрүүдэд олон цагаар хичээллэнэ гэж
төлөвлөхийн оронд долоо хоногт болон өдөр болгон цөөхөн цагаар
хичээллэхээр хуваарилах нь зүйтэй.
Долоо
хоног хуваариа мөрдөж хичээллэсний дараа шаардлагатай өөрчлөлтүүдийг
хийж, эцсийн байдлаар хуваариа гаргасны дараагаар шалгалтын өмнөх долоо
хоног хүртэл мөрдөхийг хичээнэ. Шалгалт эхлэхээс өмнөх долоо хоногоос
хичээллэх цагаа багасгаж бага зэрэг амарч эхэлнэ. Хэрвээ боломжтой бол
юу ч хийхгүй байх жаахан цагийг нөөцөлж байнгын хичээл, бусад ажлаасаа
чөлөөлнө.
Түлхүүр З
Шалгалт өгөх үедээ бие, эрүүл мэндийн хувьд сайн байх
TOFEL-д
бэлтгэх цагийн хуваариа гаргахдаа спорт болон чөлөө завтай холбоотой
өөрийн хийх дуртай зүйлдээ цаг гаргаж төлөвлөгөөнөөс орхихгүй байх
хэрэгтэй. TOFEL-д бэлтгэх үедээ бие эрүүл мэндийн хувьд ядрахгүй байх нь
зүйтэй. Жишээлбэл сайн унтаж амарч чадахгүй бол хичээллэх цагаа жаахан
багасгаад үзэхэд гэмгүй. Энэ нь ялангуяа шалгалт эхлэхийн өмнөх хэдэн
өдөрт их чухал юм.
Түлхүүр 4
Шалгалт хэзээ өгөх вэ гэдгээ зөв сонгох
Хэрвээ
танд TOFEL-ийн оноо яаралтай шаардлагатай байгаа бол хамгийн эхэлж авах
шалгалтын хуваарь хэзээ болохыг мэдэж бүртгүүлэх хэрэгтэй.
Түлхүүр 5
Тестийн бүтэц, хэмжээ, зааварчилгыг сайн мэдэж байх
Юуны
түрүүнд TOFEL-ийн тестийн тухай их тодорхой ойлголт зураглалтай байх
хэрэгтэй. Ингээд шалгалт өгөх үедээ одоо юуг хийх болон дараа нь юуг
хийх ёстойг сайн мэдэж байх хэрэгтэй.
TOFEL-ийн
тестийн хэсэг бүрийн ажиллах заавар нь дандаа адилхан байдаг. Хэрвээ
тухайн хэсгийн ажиллах заавартай танил бол яг шалгалтын үеэр тэдгээрийг
уншиж цагаа үрэхгүй байх нь ач холбогдолтой юм.
Түлхүүр 6
Шалгалтын өмнөх цагаа зөв зохион байгуулах
Шалгалт
өгөхийн өмнөх сүүлчийн хэдэн хоногт хэт их хичээллэхгүй байх. Шалгалтын
өмнөх орой хичээл хийхгүй байсан нь дээр. Өглөөд хэрэг болох зүйлээ
бэлтгэж тавиад хийх дуртай зүйлээ хийж толгойгоо амраагаад ердийн унтдаг
цагтаа унтана.
Хэрвээ
өглөө нь шалтгалттай бол өглөөнийхөө цайг ууна. Шалгалтын туршид нэг л
байрлалд удаан цагаар суух учраас биед эвтэйхэн хувцсаа өмсөнө. Ингээд
шалгалтанд явахдаа замын хөдөлгөөн, цаг агаар зэргийг бодолцож
хангалттай хугацааны өмнө очих хэрэгтэй. Хэрвээ чи шалгалт руугаа яарч
сандран явах юм бол энэ чамайг улам стресст оруулна гэдгийг бүү
мартаарай.
Түлхүүр 7
Шалгалтын туршид цагийг ухаалгаар зохицуулах
TOFEL
нь хэрвээ цагт баригдалгүй хийвэл тийм ч хэцүү шалгалт бас биш юм. Гэвч
TOFEL-ийн тестийн хэсгүүдийг хатуу тогтоосон тодорхой хугацаанд хийж
гүйцэтгэх ёстой байдаг. TOFEL-ийн тестийг сайн хийж гүйцэтгэнэ гэдэг нь
цагийг зөв ашиглах болон анхааралтай хийж гүйцэтгэх хоёрын тэнцвэрийг
олох асуудал байдаг.
TOFEL-ийн
аль ч хэсгийг хийхдээ яарах хэрэггүй боловч хугацаа дуусахаас өмнө
ажилбараа хийж гүйцэтгэсэн байх ёстой. Бидний зорилго бол унших хэсгийг
хугацаанаас нь хэдэн минутын өмнө хийж дуусгах юм. Энэ нь хийхэд хэцүү
төвөгтэй байсан тэр асуултуудад буцан орж аль хариулт зөв гэдгийг
нягтлах боломжийг олгоно. Сонсох хэсгийн цагийг зохицуулах асуудал нь
ярианы бичлэгээ дагаж явдаг.
TOFEL-ийн
тестийн асуултууд нь бүгдээрээ хэцүү байдаггүй. Асуултууд нь хариулахад
амархан, дунд зэргийн, хэцүү гэсэн З ангилалтай байдаг юм. Үүнд:
-Хөнгөн асуулт -30%
-Дунд зэргийн асуулт -40%
-Хүнд асуулт -30% байдаг
Хөнгөн
асуултууд нь тестийн хэсэг бүрийн эхэнд голдуу байх ба дунд зэргийн
асуулт нь тестийн дунд хэсэгт, хүнд асуултууд нь тестийн төгсгөл хэсэгт
байдаг. Хэсэг бүрийн төгсгөлд байх хүнд асуултуудыг хийхийн тулд цаг
хэмнэх үүднээс та эхлээд хөнгөн асуултууд руу яарах байх. Гэтэл энэ нь
тийм сайн стратеги биш юм. Хүнд асуултуудыг хийснээр ямар ч нэмэлт оноо
авахгүйг санах хэрэгтэй.
Тогтвортой
ажиллах. Ямар ч асуулт дээр хэтэрхий их цаг зарцуулах хэрэггүй. Хэрвээ
та тухайн асуултанд хариулж чадахгүй бол тааж бөглөөд цааш үргэлжлүүлнэ.
Асуултын хариундаа эргэлзэж байсан ч та асуулт болгоныг хариулах ёстой.
Хариулахад хүнд байсан асуултуудаа хариу бөглөх хүснэгтэн дээрээ
тэмдэглэнэ. Ингээд тухайн хэсгийг хийж дуусахаас өмнө танд хугацаа
үлдвэл хүнд асуулт руугаа буцаж орно. Заримдаа хүнд асуултаа эргээд
хийхэд амархан байх тохиолдол байдаг.
Түлхүүр 8
Анхаарал төвлөрлөө дээшлүүлэх
Анхаарлаа
төвлөрүүлэх чадвар нь TOFEL-ийн тестэнд өндөр оноо авах нэг чухал хүчин
зүйл юм. Хоёр цаг, хоёр цаг хагас түүнээс дээш хугацаагаар анхаарлаа
төвлөрүүлж англи хэлээ хийж чаддаг байх хэрэгтэй. Хэрвээ шалгалтын үеэр
өөр зүйл бодогдож анхаарал сарниад байвал “Би энэ тухай шалгалтын дараа
бодно” гэж өөртөө хэлэх хэрэгтэй. Анхаарал төвлөрүүлэх чадвар нь
тодорхой хугацаанд дасгал сургууль хийснээр сайжирдаг.
Түлхүүр 9
Хариултыг зөв таахын тулд буруу хариултыг устгах үйлдлийг сайн ашиглаж сурах
TOFEL-ийн
тестэнд хариулахад төвөгтэй асуултаа тааж бөглөхөд оноо хасагдахгүй.
Өөрөөр хэлбэл асуултынхаа хариултад итгэлтэй биш байгаа бол тааж
бөглөнө. Ингэхдээ сохроор бөглөхгүй, тааж бөглөхад бас учир бий.
Хэрэггүй хариултаа нэг нэгээр нь цувруулан устгаж үлдсэн хариултаас
сонголт хийнэ.
Устгах
үйлдлийг хийхдээ олон сонголттой сорилынхоо бүтцийг харна. TOFEL-ийн
тестийн нэг ажилбар нь схем буюу өгөгдөл, мөн түүнчлэн 4 сонголттой
хариултаас бүрдэх бөгөөд эдгээр хариултуудын нэг нь зөв хариулт байж,
нөгөө гурав нь таны анхаарлыг зөв хариултаас холдуулж сарниулах
зорилготой байдаг.
Түлхүүр 10
Тестийн үед санаа зовж, түгших байдлаа хянаж сурах
Чухал
шалгалтын өмнө айж түгшин, сэтгэл санаа тавгүй байх нь хэвийн үзэгдэл
юм. Гэхдээ эцсийн дүнд таны боловсрол мэдлэгийн төвшин чухлаар нөлөөлж
байдаг. Хэрвээ та хөнгөн атлетикийн том тэмцээнд юмуу эсвэл бизнесийн
чухал гэрээ хэлэлцээрт орох гэж байгаа үедээ мөн л иймэрхүү байх нь
олонтоо. Иймэрхүү мэдрэмжийг англи хэлэнд “butterflies in the stomach”
гэсэн хэллэгээр илэрхийлдэг. Шалгалт эхэлсний дараагаар ийм мэдрэмж нь
алга болчихдог. Иймэрхүү мэдрэмж нь таныг их анхааралтай соргог байж
төвлөрөхөд бас тусалж байдаг. Гэхдээ хэтэрхий их санаа зовж сандрах нь
таныг алдаа гаргахад хүргэж болдог. Шалгалтын үеэр ажилбарууд нь хүнд,
тэгээд олон алдаа хийгээд байгаа юм шиг санагдаж тавгүйтдэг. Ажилбарууд
нь хүнд учраас л шалгалт хүнд санагдаж байгаа юм. Тийм учраас сандарсаны
хэрэггүй. Та хэд хэд алдсан ч өндөр оноо авч чадна.
Шалгалтын
өдөр иймэрхүү стрессээс зайлсхийж яарч сандрахгүйн тулд шалгалт авах
сургууль руугаа хангалттай эрт гарах хэрэгтэй. Шалгалт өгч байх үед
хэтэрхий их сандарч эхэлбэл 10 секундын завсарлага авч нүдээ аниад
харандаагаа доош тавьж гүнзгий амьсгаа авч хоёр гараа сэгсэрч толгойгоо
эргүүлж амраагаад тестээ хийж эхэлбэл дээр.
Тестийн
сонсох хэсгийн үед ийм жижиг завсарлага авах боломжгүй нь ойлгомжтой
бөгөөд сонсох зааварчлагатай бид урьдчилан танил байдаг болохоор
зааварчлагыг уншиж байх үед ингэж амарч болох юм. Шалгалтын тухай эерэг,
итгэлтэй хандлага нь ийм байдлыг давахад тусална. Шалгалт нь таны
мэдлэгийг шалгаж байгаа гэдгээсээ илүү сонирхолтой бодлого гэж бодох нь
зүйтэй.
Түлхүүр 11
TOFEL-ийн тест болон дадлагын тестээс суралцах
ТOFEL-ийн
шалгалтанд бэлтгэх нэг чухал хүчин зүйл бол TOFEL-ийн бүрэн тестийг яг
шалгалт шиг хийж байх явдал юм. Магадгүй та хэд хэдэн удаа TOFEL-ийн
шалгалт өгсөн байж болох юм. Жинхэнэ шалгалт болон дадлагын тестийн аль
алинаас нь суралцаж байх хэрэгтэй. Шалгалт дууссаны дараагаар TOFEL-ийн
тестийн сонсох, унших хэсгийн аль нь хэцүү байсныг шалгалтын онооныхоо
хуудаснаас харахад аль нэг хэсэгт нөгөөгөөсөө их алдсан байх жишээтэй.
Тэгвэл дараагийн удаа шалгалт өгөхдөө энэ их алдсан хэсэгт илүү анхаарал
чиглэх ёстой.
Анхаарах зүйл:
Дадлагын
тест хийж байх үедээ жинхэнэ шалгалт өгч байна гэж бодож, TOFEL-ийн
шалгалт өгөх үедээ дадлагын тестээ хийж байна гэж бодох хэрэгтэй.
No comments:
Post a Comment